Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын хийсэн томилгоо АНХААРАЛ татлаа. Сүүлийн хэдэн сар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай "ҮЗЭЛЦЭЖ", харилцан "чулуу" шидэлцэж явсан хоёр өнөөдөр эвлэрэв үү? гэлтэй томилгоог хийжээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж буй бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөөд буй. Тэгвэл түүний оронд БЗД-ийн засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг томилсон нь ёстой "нүд орой дээр" гарсан томилгоо боллоо. Учир юун хэмээвээс, Г.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн "хүн" гэгдэх бөгөөд саяхан төсвийн мөнгөнөөс төрийн албан хаагчид, тэр дундаа Э.Бат-Амгалангийн хамаарал бүхий "хүмүүс"-т тус бүр 30 сая төгрөг буюу нийт 720 сая төгрөгийг өнгөрсөн жил олгосон гэх шүүмжлэлд өртөөд байсан юм.
Энэ тухай Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Э.Бат-Амгалан сайд дүүргийн төсвөөс өөрийн хүмүүстээ тус бүр 30 саяыг тарааж, хадам дүүгийнхээ хаус худалдан авахад нь урьдчилгаа болгосон. Төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, дүүгийнхээ бизнест хөрөнгө оруулж байгаа нь үнэн. Эздийнхээ хулгай луйврыг энэ хүмүүс захиалгаар хаацайлж байна” хэмээн мэдэгдэж Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайханд хаяглан хэлж байлаа.
Хоёр сарын өмнө ингэж харилцан "үзэлцэж" байсан эрхмүүд эвлэрч, Э.Бат-Амгалангийн "хүн" гэгдэх Г.Жаргалсайханыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилж орхижээ.
Улс төрд мөнхийн дайсан гэж үгүй гэдэг. Өнгөн талдаа эсрэг эсрэг боловч, үнэндээ ЭРХ АШИГТ хөтлөгдөн "НЭГ ХӨНЖИЛД" ордог нь улс төрд бичигдээгүй дүрэм гэлтэй....



Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.
Эхний сэтгэгдлээ үлдээнэ үү!
Сэтгэгдэл нэмэх