Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа.
Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хамгаалан бэхжүүлэх үйлсэд том алхам болов.
Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай бөгөөд Энхийн зөвлөлийн Дүрэм нь цэрэгжсэн эвсэл бус, харин сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах, улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зарчмыг баримталж байгаагаараа Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт бодлоготой бүрэн нийцэж байгаа юм.
Дүрэмд заасан нэг тэрбум ам.долларын босго нь гишүүн улсад гишүүнчлэлийн гурван жилийн хугацааг сунгахтай холбоотой тусгай заалт бөгөөд энэ нь Монгол Улсад заавал хамаарах, эсвэл бодит дарамт учруулах нөхцөл биш юм. Монгол Улс тус хэмжээнд санхүүгийн үүрэг хүлээх шаардлагагүй бөгөөд энгийн гишүүний хувьд гурван жилийн хугацаатай, сайн дурын үндсэн дээр, өөрийн боломж, сонирхолд нийцсэн хэлбэрээр оролцох бүрэн боломжтой.



Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.
Эхний сэтгэгдлээ үлдээнэ үү!
Сэтгэгдэл нэмэх